Дээд зиндаанд түрүүлсэн Европын гурав дахь бөх Точиношин боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.28-нд нийтлэгдсэн

Дээд зиндаанд түрүүлсэн Европын гурав дахь бөх Точиношин боллоо

Дээд зиндаанд түрүүлсэн Европын гурав дахь бөх Точиношин боллоо

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё Токио хотноо 15 өдрийн турш үргэлжлэн явагдаж, өчигдөр /2018.01.28/ өндөрлөлөө.

Энэ оны эхний башёд Гүржийн бөх Точиношин (Levan Gorgadze) түрүүллээ. Тэрбээр маэгаширагийн гурваас барилдсан бөгөөд 14 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүллээ. Точиношин башё өндөрлөхөөс нэг хоногийн өмнө түрүүлэх болзлоо хангасан бөгөөд түүнтэй хамгийн ойр даваатай явсан ёкозүна Какүрюү дөрвөн өдөр дараалан ялагдсан.

Анх удаа дээд зиндаанд түрүүлж буй “Касүгано” дэвжээний бөх Точиношин 31 настай. Түүнээс өмнө Европ тивээс Болгарын Котошюү (2008 оны 9 сар), Эстоны Баруто (2012 оны I сар) нар дээд зиндаанд түрүүлж байжээ. Түүний хувьд Гүржээс түрүүлж буй анхны бөх болж байна. 

Башёгийн эхний 10 дахь өдрийг хүртэл нэг ч унаагүй тэргүүлж байсан ёкозүна Какүрюү М.Ананд сүүлийн дөрвөн өдөр дараалан унасан бол сүүлийн өдөр озэки Гоэйдог давсан юм.

Озэки Такаясү сэкивакэ Митакеимигээр 12 дахь даваагаа авч башёг өндөрлүүллээ.

Манай бөхчүүдээс Аравши Э.Дөлгөөн комосүби Такакешогоор найм дахь даваагаа авч тавин хувийн амжилтаа үзүүлсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа авлаа. 

Тэгвэл маэгашира Ичиножёо А.Ичинноров 10 даваа авсан бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч даваа авсангүй. Тэрүнофүжи башёгийн гурав дахь өдрөөс эхлэн чихрийн шижин өвчний улмаас башёг орхисон. Түүний хувьд ирэх башёд жюүрёод унахгүйн тулд долоон өдрийн барилдааныг өнжиж дэвжээнд гарсан ч таван өдөр дараалан ялагдаж, чансаа буурах нь тодорхой болсон. Цагтаа озэки цол хүртэж байсан Тэрүнофүжи маэгаширагийн 10-с барилдсан юм.

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас дөрөв дэх өдрөөс эхлэн башёг орхисон билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж