Сумочид хандив цуглуулав

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Сумочид хандив цуглуулав

Эстонийн озэки Баруто, экс-комүсүби Коккай, Сакаизава болон ояката Оноэ нарын сумочид гуравдугаар сарын 11-ний гамшгийн үеэр эцэг, эхээ алдаж, өнчирч хоцорсон хүүхдүүдэд туслахаар өнгөрөгч амралтын өдрөөр Токио хотын Шимбаши дүүрэгт буяны арга хэмжээ зохион байгуулжээ. Ердөө хэдхэн цагийн дотор тэд 567 мянга 230 иен цуглуулсан байна. Харин үүнээс өмнө ёкозуна Хакухо тэргүүтэй сумочид мөн хоёр өдрийн аян зохион байгуулж, газар хөдлөлт, цунамид өртсөн ард иргэдэд таван сая гаруй иений тусламж үзүүлжээ. Ёкозуна Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Кайо, Котоошю, Баруто, Японы сумогийн 48 дахь их аварга Тайхо нараас гадна сэкиваки Кисэносато, Котошогикү, комүсүби Какурюү М.Ананд, Тоёоношима болон Гоэйдо, Токүсэгава, Хомашо, Точиозан, Китатайки, Аминишики, Окиноуми, Ваканосато, Такамисакари, Миябияма нарын бөх Токио хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй дөрвөн газраар явж, хоёр хоногийн хугацаанд таван сая гаруй иен цуглуулсан гэнэ.

Японы сумогийн холбооноос ард иргэддээ зориулан 50 сая хандивлахаас гадна сумочид, ояката нар ийнхүү сайн дурын хандивын арга хэмжээ зохион байгуулсаар байна. Хэд хоногийн өмнө мөн Ирүмагава дэвжээний бөхчүүд дээрхтэй төстэй арга хэмжээ зохион байгуулжээ. Түүнчлэн Таканохана, Ономацү, Отакэ болон Магаки дэвжээнийхэн Токио хотоос гарч, буяны үйл ажиллагаа зохион байгуулахаар сумогийн холбооноос зөвшөөрөл хүссэн аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж