Дэлхий | 2 мин уншина

Озеки асан Баруто Эстонын парламентын гишүүн боллоо

Озеки асан Баруто Эстонын парламентын гишүүн боллоо
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 5
Нэгэн үе Японы мэргэжлийн сүмод манлайлж, монгол бөхчүүдтэй ширүүн өрсөлдөж байсан тамирчин Баруто буюу Кайто Хөүвелсон Эстон улсын парламентын гишүүн болсон байна. Тэрээр өнгөрөгч оны есдүгээр сард тус улсын тэргүүлэх хоёр намын нэг, сөрөг хүчин болох Төв намд элссэн юм. Үүнээс өмнө Баруто Эстонын Хөрөнгө оруулалтын агентлагийн хяналтын зөвлөлд алба хашиж байсан аж.Тэрээр Японы мэргэжлийн сүмод Озеки золтой барилдаж байгаад 2013 онд бэртлийн улмаас 28 насандаа зодог тайлсан юм.
Хойд Европ, Балтын тэнгисийн эрэг дээр орших, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тус улсын ээлжит парламентын сонгууль өнгөрөгч гуравдугаар сард болж өнгөрсөн аж. Баруто Төв намаас Харжу болон Рафла мужуудад нэр дэвшин өрсөлдсөн байна. Тэрээр өөрийн намын нөхөр, тус улсын хамгийн том боомт хот болох Маарду хотын захирагч Владимир Арпиховд ялагдаад байсан юм. Гэвч Владимир Арпиховд парламентын гишүүн болохоос татгалзаж хотын даргын үүргээ үргэлжлүүлэн хаших хүсэлт гаргасан байна. Ингээд сонгуулийн санал хураалтаар Владимир Арпиховын ард бичигдсэн Баруто Эстонын парламент буюу Ригикогугийн гишүүн болж, бүрэн эрхийнх нь дөрвөн жил албан ёсоор эхэлсэн аж.
Тэрээр “Би сүүлийн 14 жилийн турш тамирчин болон бизнесмэний хувиар Эстон улсын төлөө хүчин зүтгэсээр ирсэн. Парламентын гишүүний хувиар Япон улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна” гэсэн байна.
Ердөө 1,3 сая иргэнтэй Эстон улс нь парламентын бүгд найрамдах засаглалтай юм. Одоогийн Ерөнхийлөгч хатагтай Керсти Калжулаид нь 2016 онд сонгогдсон. Эстонын хууль тогтоох дээд байгууллага Ригикогу буюу парламент нь 101 суудалтай бөгөөд өнгөрсөн парламентын сонгуулийн санал хураалтаар нийт таван нам суудал авч чадсан байна. Эстонын шинэчлэлийн нам 34 суудал авч эрх баригч болсон бол харин Барутогийн нам буюу Төв нам 26 суудал авсан байна.
Эх сурвалж: News.er
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн